menu

Monday, 30 December 2013

2 насны синдром

Үнэн хэрэгтээ 2 насны синдром нь хүүхэд 1 нас хүрэхэд эхэлж тухайн гэр бүлийн хандлагаас хамааран хэдэн сар үргэлжилдэг. Хүүхэд 9-10 сартайгаасаа эхлээд бие даасан хүн гэдгээ ойлгож эхэлдэг.
Дор дурдсан шинж тэмдэгүүд таны 13 сартай хүүхдэд огт илэрч эхлээгүй байж болно. 2 настай хүүхдэд илэрч буй синдром нь хүүхэд бүр дээр харилцан адилгүй байдаг. зарим нь учиргүй уйлагнаж ээжийгээ зуурна, зарим нь утгаа алдтал гэнэт эрхийн тэнэг болчихно, зарим нь огт гаргадаггүй байсан гажууд араншинг гаргаж эхэлнэ.
Тухайн хүүхдийн хувь хүний онцлогоос нь хамааран зарим нь энэ үеийг их хэцүү, хэрцгий, ширүүн авирлаж, зарим нь хөнгөн хэлбэрээр даван туулдаг. Гэхдээ хүүхэд бүр дээр ямар нэгэн хэлбэрээр илэрдэг ба энэ үед эцэг эхчүүд хүүхдээ ойлгоход бараг зэрэг хэцүүддэг тал бий. Тиймээс та эртнээс бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Энэ үед хамгийн чухал нь та хүүхдэдээ ямар хариу хандлага үзүүлэх байдаг. Та хэрвээ өөрийн хандлагыг тууштай, тогтмол төвшинд барьж, гэр бүл дотроо эвтэй хайртай, эелдэг хандлагыг хэвшүүлж чадваас таны хүүхэд 17 нас хүрээд авах гэсэн зүйлээ эсэргүүцэл үзкүүлэн бослого гаргаж, гэр бүлийн уур амьсгалыг үймүүлэхээргүй ухаалаг, тайван сайхан хүүхэдтэй болох болно.

Эцэг эхчүүдээ
Та 2 харилцан бие биеэ мэдэрч, өөр хоорондоо тохиромжтой байх хэрэгтэй. Нэг нь “үгүй” гэж байхад нөгөө нь “тийм” гээд зогсож байж болохгүй. Түүнчлэн үзүүлж байгаа хандлага тань өөр хоорондоо нийцэж байх ёстой. Зарим гэр бүл хоорондоо зохицолдоогүй алдаанууд гаргадаг. Жишээ нь 21 сартай хүү ээц аавынхаа өмнө зогсоод барьж байсан аягатай усаа шууд газар асгахад ээж нь маш ихээр уурлаж хашхирч байхад, аав нь тас тас инээн хүүгээ загнаж сууна. Хэдийгээр хоёулаа л хүүгээ загнаж уурлаж байгаа боловч хүү аавыгаа инээж байна, ээжийгээ уурлаж байна хэмээн ойлгодог. Та өөрийгөө тийм жаахан хүүхдийн оронд тавиад үзээрэй. Барьж байсан аягатай усаа асгахад ээж аав тань ингэж зөрүүтэй аашилбал ус асгах нь буруу зүйл болох эсэхийг хүүхэд хэрхэн ойлгох билээ?
Эсвэл эхлээд “болохгүй” гэж загнаж байсан зүйлээ дараа нь “тэг тэг, болно” гээд зөвшөөрвөл хүүхэд эргэлзэж эхэлнэ. Зөв юм болов уу, буруу юм болов уу? Энэ хооронд юу өөрчлөгдөв? Одоо яагаад болно гээд байгаа юм бол доо? гэж л бодох болно.
2 насны синдром нь сэтгэлзүйн өвчин мөн үү?
Уг нь бол энэ явц хүүхдэд илрэх ёстой хэвийн үзэгдэл. Хүүхэд ид хөдөлгөөнд орж, насанд хүрэгчдээс хараат бус өөрөө бие даан алхаж гишгэж, өөрөө хооллох гэж өөрийнхөөрөө зүтгэж орилох нь 2 насны синдромын анхны илрэл мөн. 2 насны синдромын хамт хүүхэд өөрөө биеэ дааж, бусдаас чөлөөтэй, ямарваа үйлдлийг ганцаарчлан хийж эхэлдэг, энэ нь сэтгэлзүйн хэллэгээр “тусгаар тогтнож байгаа” юм.
Хоолны дуршил буурдаг гэж эцэг эхчүүд ойлгодог ч, хүүхэд энэ үед хоолоо заавал өөрөө иднэ гэж зүтгэдэг.
Энэ үед хүүхэд их олон газраар орж гарч, эцэг эх, асран хамгаалагчтайгаа сахилгагүйтэн тоглохыг хичээдэг. Сахилгагүйтэл нь заримдаа юм бүхнийг ухаж төнхжих, юмыг ойлгохыг хичээх, сониуч зан, эргэн тойрны хүмүүсийг өдөөн хатгах хандлага, зөрүүдлэх, авах гэж зүтгэх, хүч хэрэглэхийг завдах гэх мэт. Бүгдээрээ 2 насны синдромын нэгэн хэсэг болон энэ зан авир, үйлдлүүдийг тус тусд нь авч үзээд, жишээн дээр тайлбарлахыг хичээе.
Гараа зангидаж, шүдээ зуугаад чичирдэг.
Энэ юу гэсэн үг вэ? Би энд байна, одоо бол БИ гэж нэг хүн байдаг болсон… Чи яагаад ингээд байгаам бэ? гэж түүнээс асуух, инээх, загнах хэрэггүй, түүнд ямар нэгэн хариу өгөх хэрэггүй… Ийнхүү чичирч байгаад хариу өгөөд байвал хүүхэд үүнийг дахин дахин давтаж хийдэг.
Бүх юмсыг хольж, хутгана. Бид бүхнийг боль, болохгүй гээд байх уу?
Юм бүхнийг боль, битгий  гэж бүү хурааж гүй. Гараас юм битгий булааж аваарай. “Энэ болохгүй, тэр болохгүй, энэ аюултай, тэр аймшигтай…. Ёоооооё; би бүхнийг авна, барина за юу? гээд хүүхэд бүр ихээр зөрүүдэлж  эхлэхгүй гэж үү? Юмыг хольж, хутгаж ёониуч зангаа дарж авах учраас хагарахааргүй зүйлсийг өгч тоглуулах хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийг аваад хагалж, хэмхлэхгүй бол барьж л байг, юмсыг гараараа барьж хүртэж мэдрэх, амандаа хийж мэдэрч болно. Харин боль, битгий гэдэг үгийг зөвхөн хүүхдийн өөрийнх нь хувьд аюултай, хөнөөлтэй байж болзошгүй зүйлс дээр хэрэглэх нь илүү тохиромжтой.
Үр дүнг нь өөрөө үзэхийг зөвшөөр
Аягатай халуун цай, хоолонд гараараа хүрээд халуун гэдгийг нь өөрөө мэдрэг. Тэр үед нь түүнд тайлбарлаж болно: “Хар даа, энэ халуун аяга байна, болохгүй…” Гэхдээ ингэнэ гээд мэдээж хүүхдийг тогонд цохиулж сургана гэсэн үг биш юм.
Хязгаар тогтоо
Бүх юманд хүрч, бүх юмыг авч болохгүй гэдгийг мэдэх ёстой. Түүгээр оролдуулж болохгүй зүйлсийг анхнаас нь хүрч, авч чадахааргүй, түүнд харагдахааргүй газар нуу. Гэр орноо түүнд тохируулж янзал. Хувийнхаа эд зүйлсийг (нүдний шил… гм) хүүхдэд авч болохгүй гэдгийг нь ойлгох хүртэл дахин дахин “үгүй, болохгүй” гэж хэлэн, “үгүй-болохгүй” гэдэг нь хориглосон үгс гэдгийг ойлгуулж, хязгаар тавь. Гэхдээ таны “ҮГҮЙ-болохгүй гэсэн үг үнэхээр ҮГҮЙ-БОЛОХГҮЙ байх ёстой шүү! (Зарим эцэг, эхчүүд “үгүй” гэсэн зүйлээ хэсэг хугацааны дараа зөвшөөрчихдөг, тийм тохиолдолд үгүй гэсэн нь ямар ч үнэмшилгүй болж хувирна)
Анхаарлыг нь сарниул, өөр сонголт гаргаж өг
Эхлээд үгүй гэж хориглосон зүйлээ, хүүхдээ уйлж унжаад ирэхээр тэсэлгүй “зөвшөөрөх”-өөс өөр аргагүй байдалд бүү ор. Өнгөлөг сайхан шаазан аягыг авна хэмээн уйлж байгаа хүүхдээ хориглож, хүүхдээ уйлуулахын оронд түүнд өөр нэгэн сонголтыг санал болгож болно. “Хараач, энд ямар гоё цэцэг байна вэ?” гэж түүний анхаарлыг огт хамаагүй зүйл рүү татаж, саяхан авна гээд нэхээд уйлж байсан аягыг нь сэмээрхэн аваад нуучихна. Авах гэсэн зүйлсээ нулимсаараа айлгаж уйлж авдаг занг нь болиул…
Тэгвэл түүний анхаарлыг сарниулаад ямар ч нэмэргүй бол яах вэ? Уйлсаар байгаад таны тэсвэр ч барагдаж эцэст нь хүүхдэдээ нөгөө аягаа өгчихлөө… За ингээд л боллоо (!!!!) Хүүхэд тань таныг чадчихлаа. Одоо энэ аргаараа юуг авдгийн билээ? Хүссэн зүйлээ авч чадах хүртлээ уйлах хүчийг та түүнд өгчихсөн шүү дээ…
Өөрт нь зориулсан ухаж, төнгөчиж байдаг хайрцаг эсвэл шургуул өг
Нэлээд олон гэр бүлийн гомдоллодог зүйл бол: Манай хүүхэд байнга шүүгээ, сав ухаад, хамаг юм гаргаж хаяад болдоггүй … Тэгвэл та түүнд зориулан ямар нэгэн хайрцаг, шүүгээ гаргаж өгсөн үү? Мэдээж бидний хувьд 1-2 өрөө байранд яая гэж багтаж байж, хүүхдэдээ тусд нь шүүгээ, хайрцаг гаргаад байх зай, илүүдээ гарсан шүүгээ байхгүй л болов уу. Гэхдээ л элдэв зүйлээ эвдүүлж, хэмхлүүлэхгүйн тулд түүнд ойрхон ганц хоёр шургуул, шүүгээнд юмсыг нь хийж тавиад, тааваар нь ухуулж байж бас болно шүү дээ…
Ингэж чадвал та “энэ миний шүүгээ, чи өөрийнхөөгөө очиж ух” гээд явуулчихаж болно.
Мэдээж түүний шүүгээнд өөрийнх нь гэсэн тоглоом, зарим зүйлсийг нь хийж тавь. Хэсэг хугацааны дараа доторх зүйлсийг нь сольж өөрчлөх хэрэгтэй. Тэгвэл хүүхдийн сонирхол буурахгүй.
Хэрэг хийх хэрэглүүр олдохгүй бол хэрэг тарихгүй!
Ханын цаасан дээр юу ч үгүй зурчихсан 15 сартай хүүг бодоод үз… Үүнийг буруу зүйл гэдгийг хүү хэрхэн мэдэх билээ? Ханан дээр зурах нь цаасан дээр зурснаас хамаагүй зугаатай. Та чг сэн хүүхдэдээ зурах харандаа, цаасыг нь бэлтгэж өгөөд ширээний ард суулгавал хүүхэд дураараа сайхан сараачихна. Хэрвээ таны хүүхэд ханан дээр зураад байдаг бол бал, харандааг бүгдийг нь далд хий. Үүнийг ойлгох нас хүртэл нь түүнд битгий гаргаж өг. Хэрэг хийх багаж хэрэгсэл байхгүй бол хүүхэд яаж хэрэг хийх билээ дээ!
Таныг өдөөн хатгах боломжийг түүнд бүү олго, зарим зүйлийг хараагүй юм шиг өнгөрүүл.
Зарим зүйлийг харахгүй өнгөрүүлэх хэрэгтэй. Түүнд ямар нэгэн хариу бүү барь, өдөөн хатгах хэрэггүй… Жишээ нь: хүүхэд хамраа ухаж байна. Яахав дээ, ухаж л байг л дээ… Яав л гэж? Тэгээд ч бид хүүхдэдээ хамраа битгий ухаад бай, муухай гээд хэлэхээр тэр дороо хамраа ухахаа болиод, дахиж хэзээ ч ухахаа болихгүй нь мэдээж шүү дээ? Эсвэл шаахай битгий амандаа хийгээд бай гэсэн жишээг татъя л даа. Тэр зүгт битгий хар, түүнийг битгий тоо, шүдээ зуугаад чимээгүйхэн тэсчих. Угаасаа нэг их сайхан зүйл биш учраас хүүхэд өөрөө хаячихна. Харин түүнд “битгий, муухай, наадахаа хая” гээд хэлчихвэл энэ үйлдлийг дахин дахин давтаад байх болно.
Хүчирхийлэх хандлага
2 насны синдромын нэгэн хэсэг бол хүчирхийлэх хандлага байдаг. Хамгийн түрүүнд хүүхэд бусдад биш, өөртөө хүчирхийллийг үзүүлж эхэлдэг. Толгой руугаа цохих, үсээ зулгаах, тэр ч бүү хэл доош тонгойж толгойгоо газар цохих… Ямар өрөвдөлтэй юм бэ? Эсвэл инээдтэй? Та алийг нь гэж бодно… Бусдын анхаарлыг татахын тулд, хүссэнээ авахын тулд бусдыг хэрхэн сүрдүүлнэ вэ тэр?: “би өөрийгөө өвтгөнө шүү!” Хэрвээ тоохгүй байвал, анзаарахгүй байвал тэр өөрийгөө өвтгөөд, үсээ зулгааснаараа л хоцорно, 1-2 удаа оролцож үзээд, дараа нь больчихно. Эсвэл тоогоод үз: “Aaaa, чи яагаад ингэж байгаа юм бэ? Яг яах гээд ингэж байна вэ?” гээд үз дээ, юу болох бол?
Ингээд зогсохгүй… Хүүхэд тань таныг цохино, таны үсийг зулгаана, нүүр рүү чинь алгадна… Эхлээд хүүхэд энийг тоглоом гэж ойлгодог ч, хэсэг хугацааны дараа бүр хэтрүүлж эхэлнэ. Эхний цохилтон дээр та өөрийн хандлагыг ил тод харуулах хэрэгтэй. Ёооё, битгий, өвдөж байна энэ тэр гэвэл түүнийг бүр онгироосон хэрэг болно. Инээж, хөөрөх нь бүр ч тоглоом гэсэн ойлголтыг бататгасан хэрэг болно. Уурлаж, уцаарлах нь тийм ч үр дүнтэй хэрэг биш, хэсэг хугацаанд болиод дараа нь энэ үйлдлээ дахин давтдаг. Тэгвэл яг ямар хандлага үзүүлбэл тэр сургамж авах вэ, түүнийг юугаар хоривол дээр вэ? Юу хийвэл тэр хийсэн үйлдлийнхээ бурууг ойлгох вэ? “Битгий” гэх үү? Зодох уу?
Түүнийг буруугаа ойлгоход туслах зүйл бол “түүнээс анхаарал халамжаа тэр чигт нь буцаан авах” үйлдэл юм. Өөрөөр хэлбэл үүнийг хийснийх нь төлөө түүнийг хэсэг хугацаанд огт байхгүй мэтээр төсөөл. Ямар ч хариу үйлдэл бүү хий, түүнтэй бүү харилц, битгий инээ, битгий уурла, яг л тэр гэртээ байхгүй юм шиг байвал эхлээд тэр маш их гайхна. Дараа нь тэр нэг, хоёр удаа үйлдлээ давтаж хийнэ. Гэрт байгаа хүмүүс дээр нэг бүрчлэн туршиж үзнэ. Хэн ч түүнийг тоохгүй, байхгүй мэт харьцвал тэр үүнийг хийхээ болино.
Үеийнхнээ хүчирхийлэх

Цаашид хүүхэд үеийнхээ бусад хүүхдийг хүчирхийлэх хандлага үзүүлдэг. Гадаа тоглож байгаа хүүхдийг савлуур дээрээс татаж эсвэл түлхэж буулгаж мэднэ. Эсвэл дэлгүүрт явж байгаад огт танихгүй хүүхдийн үснээс татна. Ийм үед даруйхан хүүхдийг тэр орчноос авч гарах хэрэгтэй. Яагаад тэндээс явснаа түүнд тодорхой үг хэллэгээр сайтар тайлбарлаж өгнө. Дараа нь ямар нэгэн газар руу явахдаа хүчирхийлсэн үйлдэл хийвэл тэр газраас шууд явна гэдгээ сануулж хэлэх хэрэгтэй. Та хэлсэн үгэндээ хүрч чадвал хүүхэд бусдыг хүчирхийлэх нь буруу зүйл гэдгийг аяндаа ойлгох болно.

No comments:

Post a Comment