menu

Tuesday, 3 June 2014

Судалгааны аргууд

Судалгааны ажлын явцад түгээмэл хэрэглэгддэг аргуудын тухайд товчхон танилцуулъя. Судалгааны ажил хийхэд анхаарах нийтлэг зүйл бол таны судалж буй юмс үзэгдэл байнга нэг хэвээр байдаггүй, байнгын хөгжил хөдөлгөөнд оршин хувьсан өөрчлөгдөж байдаг гэдгийг харгалзах явдал юм.
Анхаарах зүйл:
-       Судалгааны ажил амжилттай болох эсэх нь судалгааны аргыг хэр оновчтой сонгож хэрэглэснээс шалтгаалдаг.
-       Судалгааны аргыг сонгож хэрэглэхдээ судалж буй асуудлын хүрээ, онцлог, дэвшүүлсэн зорилт, таамаглал гэх зүйлийг харгалзан үзнэ.

-       Судалгааны аливаа аргыг дураараа хэрэглэж болохгүй ба түүнийг тавигдах шаардлагын дагуу хэрэглэнэ.
-       Судалгааны арга болгон өөрийн онцлогтой, давуу болон сул талтай зэргийг харгалзан хэрэглэнэ.
Ном зохиол баримт бичиг судлах арга
Аливаа нэгэн судалгааны ажлыг хийхэд хамгийн түрүүнд хэрэглэгддэг арга ном зохиол баримт бичиг судлах арга юм. Лекц тэмдэглэл баяжуулах, дэлгэрүүлэх, илтгэл, реферат, ангийн ажил болон дипломын ажил бичих семинар ярилцлаганд бэлтгэх зэрэг ном зохиол хэвлэлийн эх материалтай ажиллах шаардлага зайлшгүй гардаг. Өөрийнхөө хэрэгцээ сонирхол буюу судлахаар сонгож авсан асуудалтай холбоотой бүхий л ном зохиолуудыг олж цуглуулах тэднийг ангилах, уншиж судлан ихээхэн хэмжээний мэдээлэл, мэдлэг баримт сэлттэй болох тэмдэглэл хийх хэрэгтэй. Судалгаанд мөн эрдэмтэн мэргэдийн бичиж туурвисан эрдэм шинжилгээний өгүүлэл, зөвлөмж, илтгэл, сурах бичиг, дипломын ажил, диссертаци, заавар журам, хууль тогтоомж гэх мэт өргөн хүрээний мэдээллийн эх сурвалжтай ажиллана. Шаардлагтай ном зохиолыг сонгон авахдаа багшийн зөвлөсөн зүйлс танд баримжаа болох бөгөөд тэрхүү материалыг үзэх үед тэнд ашигласан ном зохиол нь дараагийн шатанд үзэх зүйлсийн чиг баримжаа юм. Ном зохиолыг судалж тэмдэглэл хөтлөхдөө тулгуур ухагдахуун болон гол үзэл санааг тэмдэглэж авна. Тэмдэглэл хийхдээ өөрийн үгээр уншсан зүйлийн утга санааг бичиж авах эсвэл уншиж буй зүйлийг зохиогчийн үгээр бичиж тэмдэглэж /эшлэл авах/ болно.
Ном зохиол баримт бичиг судлахдаа анхаарах зүйл:
-       Зохиолтой ерөнхийд нь танилцаж гарчиг, бүлэг хуудсуудыг гүйлгэн харах
-       Зохиолоос өөрт хэрэгтэй хэсгийг олж авах
-       Чухал гэсэн зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэн тогтож унших
-       Уншиж буй зүйлийн товч тэмдэглэл хийх
-       Уншсан зүйлээ эргэн харж системчлэх
-       Уншиж буй зүйлээ урьд уншиж байсан зүйлтэй харьцуулан жиших
-       Уншиж буй зүйлээ тунгаан бодох, шүүмжлэлтэй хандах, үнэлгээ өгөх
-       Зохиолыг унших үед төрсөн санаа, бодол дүгнэлтийг тэмдэглэж авах хэрэгтэй.
Анализ синтезийн арга
Анализийн арга нь судлаж буй зүйлийг тодорхой шалгуураар энгийн хэд хэдэн хэсэгт хуваах, задлан шинжлэх үйлдлүүд юм. Ингэснээр судалж буй зүйлийн бүтэц, гол шинж, түүний хэсгүүдийн хоорондын холбоо, онцлог, хөгжлийн үе шат, давуу тал, зөрчил дутагдал зэргийг тогтоож болдог. Энэ аргыг  хэрэглэхэд дараах шаардлагыг биелүүлнэ.
o   Судалж буй тухайн зүйлийг иж бүрэн байдлаар задлан шинжилнэ. Жишээ нь үүсэл хөгжил зорилго зориулалт, бүтэц, агуулга, хэлбэр төрөл, үндсэн шинж чанар, субьект гэх мэт олон талаас нь шинжлэх.
o   Задлан шинжилсэн материалд боловсруулалт, олон талын шинжилгээ, тайлбар, үнэлгээ дүгнэлт хийх.
Синтезийн арга нь анализийн аргатай нягт холбоотой хамтдаа хэрэглэгдэнэ. Синтезийн арга нь задалсан үзэгдлийн хэсгүүдийг эргээд оновчтой байдлаар холбон нийлүүлэх үйлдлүүд юм. Энэ аргыг бүтээлчээр хэрэглэснээр урьд өмнө нь байгаагүй шинэлэг зүйл бий болдог. Синтезийн аргыг хэрэглэхэд дараах шаардлагыг биелүүлнэ.
o   Задалсан үзэгдлийн тодорхой хэсгүүдийг оновчтой байдлаар эвлүүлэн холбох.
o   Синтезийн үр дүнд бий болсон зүйлийн шинэлэг тал, онцлог ач холбогдлыг тайлбарлан тодорхойлох.
Жишиж харьцуулах арга
Аливаа нэгэн зүйлийг судлах явцад тухайн хүн өөрийн уншиж тэмдэглэсэн, ажигласан, цуглуулсан бүхий л баримт сэлтийг хооронд нь жишиж харьцуулах нь судалгааны цаашдын төстэй болон ялгаатай шинжүүд байгааг олж тогтоох үйлдлүүд юм. Энэ аргыг хэрэглэхдээ:
o   Нэг төрлийн үзэгдлүүдийг сонгон авч хооронд нь жиших
o   Юу олж тогтоох гэж энэхүү жишилтийг хийж буй зорилгоо тодорхойлох
o   Жишиж харьцуулж буй юмс үзэгдлийн ижил төстэй бүх шинжийг олж илрүүлэх
o   Жишиж харьцуулж буй юмс үзэгдлийн ялгаатай бүх шинжийг олж илрүүлэх
o   Жишиж харьцуулсан бүх зүйлийг нэгтгэн дүгнэх
Индукц, дедукцийн арга
Ажиглалт, туршилт, практикт тулгуурлан баримт, үйл явц, бодомж гэх мэт тодорхой зүйлүүдийг ерөнхийлөх аргуудын нийлбэрийг индукц гэнэ.  Индукцийн аргын зорилго бол тодорхойгоос ерөнхий руу шилжих замаар юмс үзэгдлийн мөн чанарыг танин мэдэх, зүй тогтлыг нээх явдал юм.
Дедукц бол ерөнхийгөөс тодорхой руу шилжих замаар процесс юм. Логикийн дүрэм хуулийн дагуу нэг бодомжоос хэд хэдэн бодомж гарах процессийг дедукц гэнэ. Судалгааны явцад индукц болон дедукцийн аргын аль нэгийг хэт барилгүй хослуулан ашиглавал их үр дүнтэй байдаг.
Ангилан системчлэх арга
Энэ бол онолын судалгааны чухал аргын нэг. Энэ арга нь ном зохиол уншиж судлах явцад хуримтлуулсан бүх материал, судалгааны бусад аргаар бүрдүүлсэн баримт сэлт зэргийг давтагдаж буй ижил төстэй шинжээр нь бүлэглэн нэг хэсэг болгох системчлэх үйлдлүүд юм. Энэ аргын давуу тал бол юмс үзэгдлийг эмхлэн цэгцлэх системчлэх боломж олгодог явдал юм.
Математик статистикийн боловсруулалт хийх аргууд
Судалгааны явцад цуглуулсан материалын тоон үзүүлэлтүүдэд математик статистикийн боловсруулалт хийх энгийн арга бол хувийн жинг олох процентлох , тоон үзүүлэлтийн дундажийг олох эрэмбэлэх, график, диаграмм зохиох гэх мэт аргууд юм.
Ерөнхий дүгнэх арга
Энэ аргыг судалгааны ажлын төгсгөл үед гол төлөв хэрэглэдэг. Энэ нь судалгаа хийх явцад судалгааны янз бүрийн аргаар бүрдүүлсэн баримт, зүй тогтол, бодомж, ангилал, шинэ шинж, оюун дүгнэлт гэх мэт зүйлийг ерөнхийлөн дүгнэх үйлдлүүд юм. Ерөнхийлөн дүгнэх аргыг хэрэглэхдээ анх дэвшүүлсэн зорилго, зорилтууд, таамаглал зэргийг эргэн харж эдгээрийг хэр зэрэг биелүүлсэн тухай тодорхой дүгнэлтүүд хийнэ гэсэн үг. Мөн дүгнэлтэнд шинээр юу олж тогтоосон, нээсэн зэргийг заавал бичнэ. Зарим үед шинэ зүйлийнхээ онол практикийн ач холбогдлыг тайлбарлан бичих нь зүйтэй байдаг. Анхаарах нэг зүйл бол дүгнэлт нь аль болох тодорхой байх, хийсэн судалгаатай нягт холбоотой, бүрэн, дүгнэлтүүд хоорондоо логик уялдаа холбоотой, хийсэн ажлын шинэлэг тал, ач холбогдлыг тод гаргаж өгсөн байх.

2 comments:

  1. bayarlalaa bagshaa ih heregtei medeelel bn amjilt husie

    ReplyDelete
  2. хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа

    ReplyDelete