menu

Monday, 27 October 2014

“Гэр бүлийн хөрөг” зурган сорил

Судалгааны зорилго: Хүүхдийн гэр бүлийн гишүүддээ хандах харьцаа хандлага, гэр бүлийн дотоод уур амьсгал (тухайлбал зөрчил сөргөлдөөн) гэр бүлийн дотор хүүхдийн эзэлж буй байр суурийг тодорхойлоход голлон хэрэглэдэг.
Ашиглах хэрэглэгдэхүүн:
  • Бичгийн цаас
  • Харандаа (хатуулаг 2мм)
  • Баллуур
Оношлогоо явуулах заавар
“Чи энэ цаасан дээр гэр бүлийнхээ ямар нэгэн зүйлийг хийж байгаа байдлаар зураарай. Харин чи хэнийг яаж зурахаа өөрийхөө бодож төсөөлж байгаагаар чөлөөтэй зурах юм шүү.” Оношлооч, зураг зурах явцад хүүхдийн нүүр царайнд илрэх өөрчлөлт хувирал, санамсаргүй байдлаар ярьсан үг яриа, зургийг зурах дарааллыг нь анхааралтай ажиглаж, бичиж тэмдэглэнэ. Зурж дууссаны эцэст дараах асуултыг тавьж, хүүхэддээ ярилцаж зарим зүйлсийг гүнзгийрүүлж тодруулах боломжтой.
  • Чи хэн хэнийг зурсан бэ? Тэд юу хийж байна вэ?
  • Аав ээж ах эгч нар чинь хаана ажилладаг вэ?
  • Танай гэр бүлийнхэн гэр орныхоо ажлыг яаж хуваарилдаг вэ?
  • Чи гэртээ хэнтэй ойр дотно байдаг вэ? гэх мэт
Сорилын үр дүнг боловсруулах:
Зурган сорилын үр дүнд тоон болон чанарын үнэлгээ хийж болно. Хүүхдийн зурсан зурагны чанарын үнэлгээ, зуралтын онцлог болон агуулгын үзүүлэлтийг харгалзан хийдэг.

Зуралтын онцлогийг харуулсан үзүүлэлтүд:
  • Цаасан дээр гэр бүлийн гишүүдийг байрлуулсан байдал (цаасны дунл, захад, доод хэсэгт гэх мэт)
  • Зураасны онцлог (шулуун, тасралтгүй, хөнгөн дарж зурсан гэх мэт)
  • Зарим гишүүдийн биеийн тодорхой хэсгийг баллуурдаж дарж зурсан зуралтууд
Зургийн агуулгыг харуулсан үзүүлэлтүүд:
  • Гэр бүлийн гишүүдийн гүйцэтгэж байгаа ажлын онцлог (хамтарч байна уу эсвэл ганцаараа гэх мэт)
  • Гэр бүлийн гишүүдийн хоорондын зай байршил (холдуулсан эсвэл заагласан гэх мэт)
  • Зурган дээрх эд юмс, хүмүүст хандах харьцаа(сэтгэл дундуур, зовиур түгшүүртэй гэх мэт)
Дээрх үзүүлэлтүүдийг харгалзан дараах гурван чиглэлээр хүүхдийн зургийг тайлбарлах боломжтой.
  1. Гэр бүлийн гишүүдийн зурагны бүтэц бүрэлдэхүүн, тооны байдлыг харгалзан тайлбар хийх жишиглэл
Тухайн хүүхдийн гэр бүлийн гишүүдийн бодит тоог зурган дээр дээр дүрсэлсэн тоотой харьцуулах буюу тэдний харьцааны онцлогийг тодорхойлно.
  • Хүүхэд, гэр бүлийн гишүүн бүрийг бүгдийг зурахгүй байх тохиолдол гардаг. Ялангуяа харьцааны хувьд зөрчилтэй, өөрт таалагддаггүй, сэтгэл дундуур байдаг тэр гишүүнийг орхиж зурах нь олонтой. Заримдаа гэр бүлийн жинхэнэ гишүүдээс гадна өөр хүнийг нэмж зурах тохиолдол байдаг. Гол төлөв салсан гэр бүлд амьдарч байгаа хүүхдүд гэр бүлийнхээ дотор гадны хүнийг оруулж зурдаг.
  • Гэр бүлийн гишүүдийн хоорондын зай байрлал, тэдний харьцаа хандлагын онцлогийг илэрхийлж байдаг, сэтгэл зүйн хувьд дотно байдлыг илэрхийлэгч гол үзүүлэлтүүд бол гэр бүлийн гишүүдийн хоорондох зай юм. Заримдаа хүүхэд гэр бүлийн гишүүдийн хоорондох зайнд ямар нэгэн зүйлсийг оруулж зурсан байдаг. Энэ нь тэдгээрийн хоорондын хартцаанд хаалт саад болж харагдана. Жишээлбэл: хүүхэд телевизорын дэргэд суугаад өөрийгөө бусад гишүүдээс сонингор халхалсан байдалтайгаар аавыгаа зурах жишээтэй.
  • Гэр бүлийн бүх гишүүд ямар нэгэн зүйлийг хамтран хийж байгаагаар зурсан байвал тухайн гэр бүлийн гишүүдийн харьцаа эвсэг дотно болохыг илэрхийлж байдаг. Харин ямар нэгэн ажлыг гэр бүлийн гишүүд тустусдаа хийж байгаагаар дүрсэлсэн байвал тухайн гэр бүлийн дотор үзэл бодлын зөрчилдөөн, зөрчил,дотоод бүлэглэл байна гэж тайлбарлаж болох юм.
  • Удаан хугацаагаар өвдөж, эмнэлэгт хэвтэж байсан хүүхдүүд гол төлөв өөрийгөө гэр бүлийн зурагнаас хасаж зурах нь олонтой. Оюун ухааны хувьд хөгжилтэй хүүхдийн 85% нь өөрийгөө гэр бүлийнхэнтэйгээ хамт зурдаг байна.
  1. Гэр бүлийн гишүүдийн зурсан зуралтын онцлог байдлыг харгалзан тайлбар хийх жишиглэл
Зуралтын онцлог гэр бүлийн гишүүдийн зурагны хэмжээ, хэлбэр харьцаа, дүрсийг илэрхийлсэн хэв маягууд орно.
  • Зарим хүүхдүүд гэр бүлийнхнээ маш жижиг хэмжээтэй зурж, хуудасны доод хэсэгт байрлуулсан байдаг. Энэ нь тухайн хүүхдийн гэр орныхоо одоогийн нөхцөл байдал, харьцаанд сэтгэл дундуур, зовинон түгшиж байгааг илэрхийлнэ.
  • Зарим хүүхдүүд хүмүүсийг бус харин гэр орныхоо эд юмсыг тавилгыг голлон зурсан байдаг, хүүхэд гэр бүлийн дотор үүсэж тогтсон уур амьсгал, хандлага харьцаанд сэтгэл зовинож байгаагаас тэднийг зуралгүй орхиж, өөрийн хувьд төдийлөн ач холбогдолтой сэтгэл санаа төдийлөн зовиурлахгүй байгаа эд юмсыг зурах тохиолдол байдаг.
  • Хүүхэд, өөрийн дотно хайртай хүнийхээ нүүр царай, биеийн төрх байдлыг маш тодорхой нарийвчлан зурах төдийгүй, зарим нэг чимэг гоёлыг оруулж баяжуулж зурна. Харин өөрийн дотны биш дургүй хүнээ зурахдаа биеийн хэлбэр төрхийг хагас дутуу юмуу нүүр царайг нь тодорхой бус байдлаар гол төлөв зурдаг.
  • Харьцааны хувьд зөрчилтэй, сэтгэл санааны болон биеийн хүчирхийлэл, дарангуйлал үзүүлж байдаг тэр гишүүдийг зурахдаа харандаагаа хүчтэй дарж, дүрсийг дахин дахин тодруулан зурах буюу баллуурдаж зурах онцлог байдал илэрнэ.
  • Зарим хүүхэд гэр бүлийнхээ хэн нэгэн гишүүний хэмжээ хэлбэрийг бодит байдлаас зориудаар өөрчлөн зурдаг. Жишээлбэл, хамгийн бага дүүгээ өөрөөсөө болон ав ээжээсээ том хэмжээтэй зурсан байх жишээтэй. Энэ нь отгон дүүд нь илүү анхаарал халамж тавьж, бусдад нь тэгш бус ялгавартай хандаж харьцдаг болохыг харуулж байгаа юм.
  • Зурган дээрээс өөр хоорондоо ялгаатай зуралтын хэд хэдэн янзын хэв маягийг харж болно. Тухайлбал, хүүхэд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийг ялгаж өөр өөр хэв маягаар дүрслэн илэрхийлж зурдаг. Ялангүяа өөрийгөө гэр бүлийн гишүүд дотроос хамгийн ойр дотны харьцаатай байдаг тэр хүнтэй ижил хэв маягаар зурах нь олонтой.
  1. 3. Гэр бүлийн гишүүдийг зурах явцын онцлогийг харгалзан тайлбар хийх жишиглэл.
Зуралтын явцад зургийг зурах дараалал, тайлбар хийх онцлог нэг зургаас нөгөөд шилжих хурд, зогсолт, нүүр царайны хувирал өөрчлөлт, санаа алдалт зэрэг үзүүлэлтүүд орно.
  • Хүүхэд гэр бүлийн гишүүдийн хэн нэгнийг зурж байхдаа санаа алдах буюу санамсаргүй байдлаар хараасан зүхсэн үг хэлэх тохиолдол бий. Энэ нь тухайн гишүүнтэй харьлцааны зөрчилтэй болохыг илэрхийлнэ.
  • Зурах дарааллыг нь авч үзвэл, хүүхэд гол төлөв өөрт нь ойр дотно хандаж харьцдаг тэр гишүүдийг эхлэн зурах хандлагатай байдаг.
  • Зарим тохиолдолд хүүхэд хэн нэгэн гишүүнийг зурж эхлэхийн өмнө эргэлзэж, зогсолт хийж, дургүйцсэн байдлаа илэрхийлэх нь цөөнгүй. Иймэрхүү зогсолт тухайн гишүүн уул хүүдэд хөндий хүйтэн харьцаж ханддаг болохыг илэрхийлж болно.
  • Хүүхэд зургийг тайлбарлахдаа гэр бүлийн гишүүдийнхээ хэн нэгнийг илүү онцгойлон авч үзэж, түүнийг буруутгах юмуу, магтан дотночлох хандлагатай байдаг. Ялангуяа биеийн болон сэтгэл санааны хувьд дарангуйлал үзүүлж байдаг, харилцааны зөрчил бүхий гишүүдийг шүүмжлэн буруутгаж эсэргүүцдэг.

Гэр бүлийн хөрөг тестийн тоон үнэлгээг дараах журмаар явуулна.Дараах үзүүлэлтүүдийг ашиглана. Гэр бүлийн зурган сорилыг тоон үнэлгээгээр үнэлэх бөгөөд үзүүлэлт бүр нь өөрийн өвөрмөц илрэл, шинж тэмдэгтэй.
Гэр бүлийн зурган хөрөг сорилыг үнэлэх тоон жишиглэл
Үзүүлэлтүүд
Шинж тэмдгүүд
Өгөх оноо
1.
Гэр бүлийн тааламжтай байдал
  • Гэр бүлийн гишүүдийг бүгдийг бүрэн зурсан
  • Гэр бүлийн гишүүдээс гадуурхагдаж орхигдсон хүн байхгүй
  • Сөргөлдөх эсэргүүцэх байдлыг илэрхийлсэн зуралт байхгүй
0.2
0.2
0.2
2.
Түгшүүрт байдал
  • Тодорхой хүнийг онцгойлон тодруулж дахин дарж зурсан
  • Зурган дээрээ үгүйсгэж дарсан тэмдгийг (-, + гэх мэт) зориудаар хэрэглэсэн
  • Хүчтэйгээр дарж зурсан зураасууд
  • Тодорхой дүрсийг зориудаар баллуурдаж арилгаж зурсан
  • Зургийн зураас онцгойлсон чанга даралттай бөгөөд
  • Зарим гишүүдийг онцгойлон тодруулж зурсан зураг
0.1
0.1
0.1
0.1
0.1
0.1
3.
Гэр бүлийн дотоод зөрчил, зөрчилдөөн
  • Тодорхой хүний зурагны зарим хэсгийг зориудаар баллуурдаж, арилгаж зурсан
  • Зарим хүмүүсийн биеийн тодорхой хэсгийг зориудаар дутуу зурсан
  • Хэн нэгэн хүний зургийг гэр бүлийн бусад гишүүдээс тусгаарлан холдуулж зурсан
  • Зурган дээр зарим хүмүүсийн тодорхой хэсгийг хэт томсгож буюу багасгаж зурсан
0.2
0.2
0.2
0.2
4.
Гэр орныхоо дотоод амьдрал, нөхцөл байдалд хандах сэтгэл дундуур гонсгор хандлага
  • Тодорхой зарим хүмүүсийг цаасны доод хэсэгт зориудаар байрлуулж зурсан
  • Өөрийгөө бусад гишүүдээс тусгаарлан холдуулж зурсан
  • Гэр бүлийн зарим гишүүдийн биеийн хэмжээг зориудаар жижигрүүлэн дүрсэлж зурсан
  • Гэрийнхээбусад гишүүдээс зайдуу, тэдэн лүү нуруугаа харуулан зогсож байгаа байдлаар өөрийгөө дүрслэн зурсан
0.2
0.2
0.2
0.1
5.
Хүүхэд болон гэр бүлийн гишүүдийн хоорондох харьцаанд илрэх зөрчил зөрөлдөөн
  • Онцлон тооцоолж, тодруулж зурсан зарим хүмүүсийг хөрөг
  • Гэр бүлийн зарим гишүүдийн нүүр царай, биеийн бодит хэлбэр галбирыг зориудаар өөрчлөн хувиргаж зурсан
  • Гараа алдлан унжуулсан байдалтайгаар зарим хүмүүсийг дүрслэн зурсан
  • Зарим гишүүдийн гарын хурууг уртасган тодруулж зурсан
0.2
0.2
0.1
0.1

No comments:

Post a Comment