menu

Tuesday, 29 September 2015

3. Нөхцөлт рефлекс, түүний хэлбэр


Их тархины гадарт явагдаж байгаа бие махбодод үзүүлж буй цочролыг шинжих үйлийн процессууд буюу өөрөөр хэлбэл дээд мэдрэлийн үйл ажиллагаа нь хүний сэтгэцийн үйл ажиллагаа үүсэж явагдах материаллаг үндэс нь болдог. Организм ба түүнийг хүрээлэн байгаа гадаад орчны хоорондын харилцан холбоо, үйлдлийн үндсэн хэлбэр нь рефлекс, гадаад орчноос үзүүлсэн цочролын эсрэг организм нь хариу үйлдэл үзүүлэх процесс юм. Организмын энэхүү хариу үйлдэл хийх процесс нь мэдрэлийн тогтолцооны туслалцаатайгаар явагдаж байгаа юм. Ийм учраас бие махбод нь өөрийн мэдрэхүйн эрхтэнд гадна дотноос үйлдэл үзүүлсэн цочролд төв мэдрэлийн тогтолцооны удирдлагатайгаар хариу үйлдэл үзүүлэх процессыг рефлекс гэнэ.
Бие махбодын рефлекст  үйлдэл нь гадаад болон дотоод талаас үзүүлсэн рефлекст үйлдэл цочролын үндсэн дээр үүсч явагдана. Рефлексийг үүсгэх гадаад цочроогчид нь гадаад ертөнцөөс ирж байгаа янз бүрийн үйлдэл, гэрэл, авиа, дуу, юмны өнгө, үнэр, амт, халуун хүйтэн гэх мэт дохионууд юм. Харин дотоод цочрогчид нь бие махбодын дотоод орчноос ирж байгаа янз бүрийн дохио, тэдгээрийн хувьсалт өөрчлөлтүүд юм. Жишээ нь амьсгал, зүрх судасны үйл ажиллагааны хэвийн биш өөрчлөлт, зүрхний цохилт түргэсэх удаашрах, ходоод гэдэсний өвчлөл гэх мэт өөрчлөлтүүд нь дотоод сэрлийг үүсгэнэ.
Аливаа рефлекст үйл үүсэж явагдах механизм нь мэдрэмжийн, төвийн болон хөдөлгөөний гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. Цочроогч нь эхлээд бие махбодын, мэдрэмжийн, нервийн төгсгөл хэсэгт хөөрлийн нроцессийг үүсгэнэ. Бие махбодын мэдрэмжийн нервт үүссэн хөөрөл нь төв хэсэг болох тархинд очиж тэндээс хөдөлгөөний нервт шилжиж бие махбодын эрхтнүүдийг үйл ажиллагаанд оруулна. Ингэж бие махбодын үйлдэл үзүүлсэн цочролын эсрэг хариу үйлдэл үүсэж явагдана. Рефлекс үүсэж явагдах механизмын энэ гурван хэсгийг рефлексийн нум гэж нэрлэдэг байна.
Рефлекс нь өөрийн үүслээр төрөлхийн болон үүсмэл гэж хоёр хэлбэртэй байдаг. И.П.Павлов төрөлхийн рефлексийг нөхцөлт биш, үүсмэл рефлексийг нөхцөлт рефлекс гэж нэрлэсэн байна.
Нөхцөлт биш рефлекс. Нөхцөлт биш рефлекс нь тархины доод гадрын үйл ажиллагааны үр дүн юм. Нөхцөлт биш рефлекс нь амьтны хөгжлийн явцад удамшигдан хадгалагдаж дараачийн үр удамд нь автоматаар төлөвшигдсөн аливаа үйл хөдлөл хийх бэлэн рефлексийн нумтай үйлдэл юм. Рефлексийн энэхүү хэлбэрийг бүрэлдүүлэхэд зориудын тусгай болзлыг буй болгох шаардлага байдаггүй бөгөөд тэрхүү амьтан төрөөд л рефлексийн энэхүү бэлэн нумаар жолоодуулан орчинтой харьцаж зохицон амьдардаг юм. Нөхцөлт биш рефлекс нь нөхцөлт биш цочроогчоор үүсэж буй болно. Амьтны бүхий л зан үйл нь голдуу нөхцөлт биш рефлексийн зарчмаар үүсэж явагдана. Иймд амьтны зан үйлийн аливаа хэлбэрүүд нь зөвхөн зөн билгийн үндсэн дээр ухамсаргүй хэлбэрээр явагдана. Жишээ нь хурц гэрэлд нүд цавчлах, хоол хараад буюу үнэртээд шүлс ялгарах, ам уруул хэл тагнайд амтлах бодис хүрэлцэхэд хөхөх, залгих, мөн ханиах, найтаах, эвшээх зэрэг үйл нь цөм жирийн нөхцөлт биш рефлексийн үйлдэл буюу хүн ба амьтны зөн билэгт үйл юм.
Хүнд нөхцөлт биш рефлексийн үйлүүд төрөлхөөс өгөгдсөн байдаг. Хүний нөхцөлт биш рефлексийн хэлбэр нь голдуу төрсний дараа болон хүүхдийн нялх балчир ахуй үед онцгой үүрэгтэй байдаг. Хүүхдийн хооллох, хамгаалах, орчноо баримжаалах зэрэг үйл нь нөхцөлт биш рефлексийн үндсэн дээр явагддаг. Хүүхдийн нас ахих тутам нөхцөлт биш рефлексийн үүрэг улам бүр багасаж, тэдгээр нь нөхцөлт  рефлексийн хэлбэрт шилждэг. Гэвч хүнд байдаг нөхцөлт биш рефлекс нь хязгаарлагдмал цөөхөн тоотой байдаг тул тэдгээр нь зөвхөн амьдралын түр зуурын ач холбогдолтой юм.
Аливаа амьтад хүний дасгалжуулан сургах үйл ажиллгааны үр дүнд олон янзын дадал, үйл хөдөлгөөнийг хийх чадвартай байна. Гэтэл тэрхүү амьтдын эзэмшсэн дадал, үйл хөдөлгөөний нөхцөл, дэс дарааллыг өөрчлөхөд тэдгээр амьтад эзэмшсэн дадлаа хийж чадахаа болино. Ийм учраас амьтны зан үйлийн бүхий л хөдөлгөөн нь цөм нөхцөлт биш рефлексийн үндсэн дээр ухамсаргүй хэлбэрээр явагддагийг давхар нотолж байна. Хүний үйл ажиллагаа асар өргөн хүрээтэй олон янзын хэлбэртэй байдаг тул тэр нь дан ганц нөхцөлт биш рефлексийн үндсэн дээр явагдаж чадахгүй. Иймд хүн өөртөө шинэ шинэ үйл хөдөлгөөний дадал, зан үйлийн олон янзын шилдэг чанаруудыг төлөвшүүлэхэд рефлексийн шинэ хэлбэрийг бүрэлдүүлэх шаардлагатай болдог юм. Рефлексийн энэхүү хэлбэр нь нөхцөлт рефлекс юм.
Нөхцөлт рефлекс. Хүн ба амьтны үйл амьдралын явцад шинээр бүрэлдэн тогтож гадаад дотоод цочроогчдын үйлдэлд хариу өгөх чадварыг нөхцөлт рефлекс гэнэ. Өөрөөр хэлбэл хүн ба амьтдад ийм чадвар төлөвшихөд зориудын тусгай нөхцлийг буй болгож, тусгайлан сургаж дасгалжуулах, дасган хэвшүүлэх системтэй үйл ажиллагааг хийсний үндсэн дээр энэхүү үүсмэл рефлексийг нөхцөлт рефлекс гэж нэрлэсэн байна. Нөхцөл рефлекс нь их тархины гадрын идэвхтэй үйл ажиллагааны үр дүн юм.
Гадаад, дотоод цочроогчдын нөлөөгөөр тодорхой нөхцөлд их тархины гадарт бүрэлдэх мэдрэлийн түр холбоос нь нөхцөлт рефлексийн физиологи механизм нь болно. Нөхцөлт рефлекс нь нөхцөлт биш рефлексийн адилаар бие махбодоос цочролын эсрэг хариу үйлдэл хийж байгаа процесс юм. Гэхдээ нөхцөлт рефлекс нь нөхцөлт биш рефлексийн адил төрөлхийн чадвар биш, харин амьдралын явцад шинээр бүрэлдэн тогтож байгаа чадвар юм.
Нөхцөлт рефлекс нь тодорхой нөхцөлд бүрэлдэн тогтож цаашид улам бэхжих боловч амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөхөд бүрэлдсэн нөхцөлт рефлекс сааталд орох буюу унтарч алга болж болно. Хүнд төлөвшин тогтсон зан төлөвийн олон янзын шинжүүд, оюун ухааны үйл ажиллагааны арга барил, хедөлмөрийн чадвар, дадал, амьдралын янз бүрийн хэвшил, зуршил нь түүнд шинээр бүрэлдэн тогтсон нөхцөлт рефлексийн хэлбэрүүд юм. Товчоор хэлбэл бие хүн төлөвших процесс нь нөхцөлт рефлекст үйлийн үр дүн юм. Тэрчлэн амьтад орчны шинэ нөхцөлд байдал болон хүний зориудын дасган сургах, хэвшүүлэх үйл ажиллагааны үр дүнд зан үйлийн янз бүрийн дадалд сурдаг юм. Энэ нь тэдгээр амьтдад төлөвшсөн нөхцөлт рефлекс юм. Жишээ нь муур оготныг агнаж, барих буюу чоно улихыг сонсоод зарим амьтад айх, үнэр үнэртээд буюу хоол иддэг сав суулгаа дуугаргахад нохойн ходоодны шүлс ялгарах, циркийн амьтад янз бүрийн үйл хөдөлгөөн хийх,гэрийн тэжээмэл мал адгуусанд янз бүрийн зан авир бүрдэх зэрэг нь цөм нөхцөлд рефлекс юм. Гэвч аливаа амьтдад бүрэлдэн тогтсон нөхцөлт рефлекс нь ухамсаргүй үйл бөгөөд автомат хэлбэрийн тусгал юм.
Нөхцөлт рефлекс нь нөхцөлт, нөхцөлт биш гэсэн хоёр цочроогчийн тодорхой дарааллаар олон дахин хослон давтсан үйл ажиллагааны дүнд бүрэлдэн тогтоно. Зориудын үйл ажиллагаа буюу зохиомлоор буй болгосон цочроогчид нь нөхцөлт цочроогч юм. Жишээ нь нөхцөлт рефлексийг бүрэлдүүлэхийн тулд цахилгаан гэрэл, хонхны дууг ашиглах буюу зориудаар дасган хэвшүүлэх, сурган хүмүүжүүлэх тусгай арга барилыг сонгож авах, хэл яриагаар цочроох зэрэг үйлдэл хийх нь нөхцөлт цочроогч юм. Харин нөхцөлт рефлексийг бүрэлдүүлэх нөхцөлт биш цочроогчдод хүн амьтны амьдрал, үйл ажиллагааны үндэс болсон зүйлс, тухайлбал хоол тэжээл, байгалийн гэрэл,  дуу чимээ, хүний өөрийн идэвхтэй үйл ажиллагаа зэрэг зүйлс хамаарна. Нөхцөлт рефлексийг бүрэлдүүлэхэд эхлээд нөхцөлт цочроогчоор үйлдэл үзүүлж, дараа нь түүнтэй нөхцөлт биш цочроогчийн үйлдлийг хослуулна. Хэрвээ энэхүү хоёр цочроогчийн үйлдлийн дарааллыг соливол нөхцөлт рефлекс бүрэлдэхгүй. Ийм учраас энэхүү хоёр цочроогчийн үйлдлийн дараалсан хослол нь хүн амьтанд нөхцөлт рефлексийг гүн бат бүрэлдүүлнэ. Жишээ нь бага насны хүүхдэд зан төлөвийн сайн сайхан шинжийг төлөвшүүлэн хүмүүжүүлэхэд эхлээд тэрхүү сайн сайхан чанаруудыг биеэр үлгэрлэн харуулах буюу үг яриагаар товчхон итгүүлэн ойлгуулах /нөхцөлт цочроогч/, дараа нь түүнийг хэвшүүлэх, биелэлтийг байнга хянаж шалгах, сайн талыг магтан урамшуулах, сайшаах, эсвэл шаардаж зэмлэх /нөхцөлт биш цочроогч/ зэрэг зориудын үйлдэл хийнэ. Энэхүү үйл ажиллагааны дүнд хүүхдэд зан төлөвийн шилдэг чанарууд төлөвшинө. Энэ бол зан үйлийн нөхцөлт рефлекс юм. Тэрчлэн багшаас сурагчдад зааж дамжуулж байгаа шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэл нь нөхцөлт цочроогч болж хүүхэд тэрхүү мэдлэг, мэдээллийг идэвхтэй үйл ажиллагаагаар хүлээн авч байнга давтах, бататган бэхжүүлэх үйл ажиллагаа хийх нь нөхцөлт биш цочроогч болж байгаа юм. Нөхцөлт рефлекс нь дараах тодорхой нөхцөлд үүсэж явагдана:
Нөхцөлт рефлексийг бүрэлдүүлэхэд юуны түрүүнд нөхцөлт ба нөхцөлт биш цочроогчийн хослолыг тодорхой цагт тогтсон дарааллаар өгөх бөгөөд нөхцөлт цочроогчийн үйлдлийг нөхцөлт биш цочроогчийн үйлдлээс өмнө өгөх шаардлагатай. Жишээ нь лабораторид хийгдсэн зарим туршилгаас үзэхэд нохойн ходоодны шүлс ялгаруулах нөхцөлц рефлексийг бүрэлдүүлэхийн тулд туршигч эхлээд метрономыг цохиж дуу гаргаж /нөхцөлт цочроогч/, дараа нь хэдэн секундын зайтайгаар нохойд хоол /нөхцөлт биш цочроогч/ өгөхөд, хоёр цочроогчийн үйлдэл хамтарч шинээр рефлекс бүрэлдэх нөхцөл буй болж хоолны өмнө нохойн шүлс ялгарах рефлекс явагдана. Хэрвээ энэхүү хоёр цочроогчийн дэс дарааллыг солибол нөхцөлт цочроогч болох метроном нь нохойн шүлс ялгаруулах нөхцөлт дохио болж чадахгүй бөгөөд хоолонд ямар ч нөлөө үзүүлэхгүй болно. Ийм учраас нохойн шүлс ялгаруулах нөхцөлт рефлексийг бүрэлдүүлэх нөхцөлт цочроогчийг нөхцөлт биш цочроогийн үйлдлээр дэмжсэний үндсэн дээр уг нохойд нөхцөлт рефлекс шинээр бүрэлдэж байгаа юм.
8-р зураг. Нөхцөлт рефлекс бүрэлдэх явц
Жишээ нь: метрономын дууг сонсоход нохойн их тархины гадрын сонорын төвд хөөрлийн нэг дэх голомт үүсэж авиа дууны цочролтой нохой өөрийгөө эхлэн зохицуулна. Дараа нь нохойд хоол өгөхөд нохойн уртавтар тархинд хөөрлийн хоёр дахь голомт үүснэ. Дээрх хоёр цочроогчдын олон дахин давталтаар нохойн тархины хоёр хэсэгт бүрэлдсэн хөөрлийн голомтын хооронд мэдрэлийн түр холбоос тогтсоноор нөхцөлт рефлекс бүрэлдэнэ.
Нөхцөлт рефлексийг бүрэлдүүлэхэд нөхцөлт ба нөхцөлт бус цочроогчдын дараалсан үйлдлийг хэд хэд дахин давтан хослуулж өгөх шаардлагатай. Эдгээр цочроогчдын олон удаагийн дараалсан давталтын дүнд хүн ба амьтны төв мэдрэлийн тогтолцоонд хөөрлийн хоёр голомт бүрэлдэж тэдгээрийн хооронд мэдрэлийн түр холбоос тогтоно.
Нөхцөлт рефлексийг бүрэлдүүлэхэд тархийг үйл ажиллагаанд ороход бэлэн байлгах хэрэгтэй. Нойрмог буюу эсвэл тархи нь ядарсан үед нөцөлт рефлекс бүрэлдэхгүй буюу эсвэл удаан бүрэлдэнэ. 

No comments:

Post a Comment