menu

Monday, 30 November 2015

Семинар- Сурахад хүндрэлтэй хүүхэд гэж хэн бэ?

Сурах боломж нь ямар нэгэн байдлаар хязгаарлагдсан (хараа, сонсгол, хэл яриа, түлгуур эрхтэн, сэтгэх эрхтэн нь гэмтэж, эмгэг согог үүссэн) хүүхдүүд энэ бүлэгт хамрагдана. Өөрөөр хэлбэл бие эрхтэн, зан төлөвийн эмгэгийн улмаас сурах үйл ажиллагаанд бусдын адил оролцож чадахгүй байгаа хүүхдүүд юм. Ийм сурагчид манай ердийн сургуулиудад элбэг тохиолддог. Ихэнх тохиолдолд эдгээр сурагчдыг хүрээлж буй нийгмийн орчин буюу багш, эцэг эх, хамт олон нь тэдний бусдаас гажиг, дутуу байдлыг онцлон, улмаар сэтгэл санаа, сурах үйл ажиллагаа, хүн болон төлөвшихөд нь сөрөг нөлөө үзүүлдэг нь нууц биш. Эдгээр хүмүүст хандах хандлага хүн төлөлхтөний түүхэн хөгжлийн дагуу хэд хэдэн үе шаттайгаар төлөвшсөөр өнөөг хүрчээ. Тухайлбал:

Тусгаарлах үе: Мухар шүтлэгийн уршгаар эмгэг согогтой хүүхдийг лусын хорлол, бурханы гэсгээл гэж ад шоо үзэн гадуурхаж, шоовдорлож байв.
Халамжлах үе: Боловсрол, мэргэжил дорой, амьжиргааны түвшин доогуур тахир дутуу хүнийг онцлон анхаарч, наад захын хэрэгцээг хангахын тулд зөвхөн асран халамжлах ёстой гэж үзэж байв.
Нөхөн сэргээх үе: Нөхөн сэргээх эмчилгээ, боловсрол, нийгмийн байр сууриа олж авах, авъяас чадвараа хөгжүүлэх бололцоог бий болгодог.
Хамтын ажиллагааны үе: Тахир дутуу иргэдийг тэгш боломжоор хангаж нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцуулах чиг хандлагыг сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ баримталж байна.
Энэхүү үзэл санааг хэрэгжүүлэх зорилгоор 1993 оны 12-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 48-р чуулганаар "Тахир дутуу хүмүүст тэгш боломж олгох тухай үлгэрчилсэн журам"-ыг баталсан юм. Уг журмын 6-р дүрэмд "Суурь боловсролыг заавал эзэмшүүлдэг улс орнуудад тахир дутуугийн янз бүрийн түвшин, хэлбэр түүний дотор хамгийн хүнд хэлбэртэй аль ч хүйсийн хүүхдүүдэд олгох нь зүйтэй юм. Төр улс тахир дутуу иргэдэд жирийн сургуульд боловсрол олгох боломжийг хангахдаа сургуулийн төвшинд болон нийгмийн өргөн хүрээнд ойлгох, хүлээн авах тодорхойлсон бодлоготой байх ёстой" гэж заажээ. Иймээс бидний эргэн тойрон байгаа тахир дутуу, эмгэг согогтой хүүхдүүдийг суурь боловсролтой болгохын тулд шинэ чиг хандлагын дагуу ажиллах шаардлагатай болж байна.
Сурахад хүндрэлтэй хүүхдүүд яагаад сурах ёстой вэ?
Тэд эрүүл хүүхдийн адил уншиж, бичиж, тоо бодож, их дээд сургуульд сурч чадахгүй байж болно. Гэвч тэд дараах шаардлагаар сургуульд суралцах ёстой юм. Үүнд :
-       Мэдлэг боловсролтой болох нь цаашид бие даасан бие хүн болон төлөвшихөд туслана.
-       Боловсролтой болсноор тэд бусадтай хэрхэн харьцах, биеэ хэрхэн авч явах, бусадтай адил яаж ажиллах ухааныг сурна.
-       Мэдлэг боловсрол нь хүүхдийн чадварыг хөгжүүлж, хууль дүрмийг дагах, хариуцлага хүлээх чадвартай болгоно.
-       Боловсрол нь хүүхдийг хамтач, нөхөрсөг болгон тэдэнд хамт олны нэг гэдгийг мэдрүүлэх болно.
Сурахад хүндрэлтэй хүүхэд гэр бүлдээ:
Ийм хүүхэдтэй гэр бүлийнхэнд :
-       хүүхдэдээ зөв хүмүүжил, төлөвшил олгож чаддаггүй
-       хүүхэдтэйгээ ажиллах, хөгжүүлэх арга барилыг эзэмшээгүй
-       гэр бүлийн хэвийн харьцаа алдагдсан
-       эцэг эх нь сэтгэл санааны хүнд дарамтанд байдаг зэрэг бэрхшээлүүд түгээмэл тохиолдоно. Эмгэг согогтой хүүхдүүд гэр бүлдээ янз бүрийн байр суурьтай байдаг.
Тухайлбал:  Гэр бүлийн хүмүүс нь хэт бөөцийлдөг. Эцэг эх, ах дүү, эмээ өвөө нь түүнийг бие муутай, өвчтэй гэх мэтээр шалтаглан бүхнээс хамгаалж, энхрийлж, "хүлэмж" маягийн орчин үүсгэж бие даах чадваргүй болгодог.
Гэр бүлийнхэн нь хэт шоовдорлодог. Тухайн хүүхдийг эрүүл ах эгч, дүү нартай нь харьцуулж, улмаар түүнийг удам угсаа бузарласан хэмээн "хэрүүлийн алим" болгож үнсгэлжингийн мөрөөр явуулдаг.
Гэр бүлийнхэн нь адил тэгш харьцаж дэмждэг. Тухайн хүүхдийн эмгэг согогийг хэт тэргүүнд тавилгүй тохирсон ажил үйлс хийлгэж, бэрхшээлийг хамтран туулдаг.
Гэр бүлийнхэн нь ичиж эмээж нийгмээс тусгаарлан нуун дарагдуулдаг. Хүүхдийнхээ эмгэг согогоос ичиж, нэр төрөө бодон нийтэд мэдэгдэхгүйн тулд нийгмийн харьцаанд оруулахгүйгээр нуун дарагдуулдаг.
Хүүхэд эрүүл саруул, бусдын адил өсөн бойжих анхны орчин нь гэр бүл. Гэр бүлийн доторх уур амьсгал, уламжлал хүмүүжил, үзэл баримтлалаас эмгэг согогтой хүүхдүүдийн хувь заяа ихээхэн шалтгаалдаг тул эдгээр хүүхдүүдийн талаар эцэг эх, гэр бүлийнхнийх нь баримталдаг сөрөг үзэл, үйл ажиллагааг юуны түрүүнд засаж залруулах нь зүйтэй. Энэ ажлыг хийхдээ дараах туршлагуудыг ашиглахыг санал болгож байна.
-       Хүүхэд нь эмгэг согогтой төрөх нь эцэг эхийн хувьд эмгэнэл гэдгийг ойлгож тэдний зовлонг хуваалцахын зэрэгцээ хамтран ажиллах "баг"-ийн гол гишүүн болгох.
-       Эмгэг согогтой хүүхэд гэдэг нь хэн нэгний буруу гутамшиг, ичмээр зүйл бус гэдгийг ойлгуулах
-       Хүн бүр дуулж чаддаггүй шиг эдгээр хүүхдүүд ч ямар нэг зүйлийг чадахгүй байж болно. Харин тэд бусдын адил өсөж хөгжиж чадна гэдгийг эцэг эхэд нь итгүүлэх
-       Хүүхдээ бусдын адил үзэж, бие даасан хүмүүжил олгохын тулд мэргэжпийн эмч, багш нартай хамтран хүүхдийнхээ эмгэг согогт эрүүл саруулаар хандан уйгагүй, хэзээд итгэл найдвар төгс ажиллах
Сурахад хүндрэлтэй хүүхэд орчиндоо
Үүний зэрэгцээ тухайн хүүхэд маань байр, гудамж, анги таним, сургууль, цэцэрлэг, гээд нийгмийн бичил орчинд байнга байж янз бүрийн хүмүүстэй харьцдаг. Гэр бүлийн хүмүүжил болон өөрсдийн онцлогоос шалтгаалан тэр хүүхдүүд орчиндоо зохицох, нийгэмших чадвар нь харилцан адилгүй. Тэднийг нийгэмшүүлэх, орчинд дасгахын тулд нийтлэг хэд хэдэн зарчмын дагуу ажиллана. Тухайлбал:
·         Юуны түрүүнд тэднийг хүрээлэн байгаа хүмүүсийн сөрөг хандлагыг эргүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сурахгүй, мэдэхгүй, чадахгүй хэмээн бүхний гадна орхих, хувь хүнийх нь хувьд нийгэмд хэрэггүй хүн хэмээн үзэх зэрэг сөрөг хандлага, ойлголтыг өөрчлөх явдал юм.
·         Тэдний авьяас чадвар, эрүүл хадгалагдаж үлдсэн боломж, мэдрэхүйг хөгжүүлэх, үүний үндсэн дээр эмгэг согогийг нь засан залруулж, нөхөн төлжүүлэх нь чухал.
·         Тэднийг ухаалагаар хайрлах нь зөв төлөвшихөд нь нөлөөлнө. Гундсанд нь урам, гэндсэнд нь зөвлөмж, хэтэрсэнд нь сургамж өгч аливаа хандлагад алтан дунджийг барьж, ямарваа шийдвэрийг өөрсдөөр нь гаргуулж сургах зэрэг зарчмуудыг багш, эмч, анги хамт олон, эцэг эх байнга мөрдөж ажиллабал эмгэг согогтой ч тэд бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж амьдарч нийгэмд эдлэх эрх, хүлээх хариуцлагаа бүрэн эдэлж, хариуцаж чадна.
Сурахад хүндрэлтэй сурагчид, тэдэнд тохиолдох бэршээлүүд:
Сургалтын явцад хэд хэдэн шалтгааны улмаас дунд сургуулийн программ, стандартад заасан мэдлэг, чадвар, дадлыг өөрийн үе тэнгийн нөхөдтэйгээ адил хэмжээгээр эзэмшиж чадахгүй сурагчид олноор гарч байна. Үүний шалтгаан нь:
1.    Ахуйн хоцрогдол
2.    Элдэв эмгэг согогоос болж программт мэдлэгээ эзэмшээгүй байх зэрэг болно. Тэгэхээр аль ч насны эмгэг согогтой хүүхдийг өөрийнх нь төвшингөөр ахиулан хөгжүүлэх сургалтыг цаг алдалгүй явуулах нь нэн чухал юм.
Бага ангийн багш нар сурагчдаа хүлээн авсан анхны өдрөөс эхлэн сурган сэтгэл зүйн нарийн судалгаа хийж, сурахад хүндрэлтэй сурагчдыг илрүүлэн, тэдэнтэй яаж ажиллах арга барилаа боловсруулах шаардлагатай. Судалгааг явуулах ач холбогдол нь :
-       Багш хүүхдийн бие, эрхтэн, эрүүл мэндийн онцлогийг мэдэж авна.
-       Багш хүүхдийн бие хүний онцлогийг мэдэж авна.
-       Сурах чадавхи, оюуны бодит боломжийг мэдэж авснаар багш цаашид сургалтаа тэдний хэрэгцээ, шаардлагад тохируулан явуулах болно.
-    Багшид болон хүүхдэд тохиолдох саад, бэршээлийг даван туулах арга зам нь ч тодорхойлогдоно.
-       Судалгааг явуулснаар багш ангийн сурагчдын хэнд яаж туслах, ямар дэмжлэг хэрэгтэйг харгалзан ялгаварчлал хийнэ.
-       Хүүхдийн талаар багш, бодитой зөв дүгнэлт хийж чадна.
Багш эхлээд бүх хүүхдийн унших, бичих, тоо бодоход хэр зэрэг бэлтгэгдсэн, анги хамт олны нийтлэг ямар онцлог байгааг илрүүлнэ.
Судалгааг явуулах санамж:
v  Судалгааг явуулахын тулд багш урьдчилан бэлтгэсэн тодорхой асуулга, өнгөт зургууд, сэдэв, дасгал даалгавар тестүүд, тоглоом зэргийг бэлтгэсэн байна. Эдгээр материалууд нь хүүхдийн нас, биений онцлогт тохирсон байх хэрэгтэй.
v  Багш судалгааг явуулахдаа хүүхэдтэй ганцаарчлан ажиллана. Багш нь аль болохоор эелдэг дотно, зөөлөн харьцаж, шалгах даалгавараа өгөхдөө тайван тогтуун байхыг хичээх хэрэгтэй. Сул биетэй амархан ядарч, сульддаг хүүхдийг богино хугацаанд судлах оновчтой арга зүйг эрж хайх нь чухал.
v  Судалгааны явцад хүүхэд юуг хийж чадах вэ? гэдгийг тогтоох нь чухал. Үүн дээр тулгуурлан цаашид юу хийхээ төлөвлөж ажиллах юм.
v  Эхлээд хүүхэдтэйгээ харилцан ярилцаж зөв харьцаа тогтоосны дараа судалгааны асуулгын дагуу ярилцана. Юуны өмнө хүүхдийн ам бүлийн тухай, хүүхдийн дуртай зүйл, хэзээ, хаана төрсөн тухай зэргийг ярилцаж болох юм. Ингэсний эцэст хүүхэд багштай илэн далангүй ярилцах бололцоотой байвал цаашид судалгааг үргэлжлүүлнэ.
v  Ерөнхий мэдүүлэг болон бусад холбогдох судалгааг эцэг, эхтэй ярилцан авч болно. Жишээ нь: Өсөлт хөгжилтийн түүх, ахуй амьдралын онцлог, хараа, сонсгол зэрэг мэдрэхүйн эрхтний судалгаа гэх мэт сурган, сэтгэл зүйн судалгааг явуулна.
Судалгааг явуулах дараалал:
1. Бичих чадварыг шалгах:
Ер нь сургуульд бэлтгэгдсэн эсэхийг шалгахдаа:
-       хүүхдийн гар хурууны эвсэл
-       орон зайн баримжаа ба хөдөлгөөний эвсэл
-       сонсголын хүртэхүйн хөгжил
-       анхаарлаа төвлөрүүрлэх чадвар
-       ой тогтоолт
-       сэтгэхүйн анализ, синтез, еренхийлэн нэгтгэх гэх мэт үйл ажиллагаа
-       хэл ярианы хөгжил зэргийг голлон судлах зорилго тавина.
2. Ярих чадварыг шалгах:  1. Зургаар өгүүлэл зохиож ярих
-       зургийн утга агуулгыг бүрэн гаргаж чадаж байгаа эсэх
-       тулгуур дэмжлэг, асуулттай ярьж байгаа эсэх
-       тоочин ганц нэг үгээр ярьж байгаа эсэхийг багш дүгнэн тодорхой авч болно.
                                              2. Сонссон зүйлээ ярих чадвар
Багш үлгэр ярьж өгөөд түүнийхээ дагуу хүүхдийг шалгана.
-       бие дааж ярих чадвар
-       тулгууртай ярих
-       тоочин ярих
-       бүр ярьж чадахгүй зэргийн аль нь болохыг тодорхойлох
3.Тооны мэдлэгийг шалгах:
Жишээ нь: Цээжээр дэс дараалан тоолох чадвар, өгөгдсөн тооноос цааш тоолох гэх мэтээр шалгаж болно.
Сурахад хүндрэлтэй сурагчид нь сургалтын явцад хэд хэдэн үндсэн бэрхшээлтэй тулгардаг. Тухайлбал:
-       Оюун ухааны саатлаас үүсэх бэрхшээлүүд буюу үзэгдлийг хүртэж таних, өнгө дүрсээр харьцуулах, ялган жиших чадвар сулаас үүсэх бэрхшээл
-       Хэл ярианы дутуу хөгжлөөс үүссэн бэрхшээлүүд буюу өөрийнхөө санаа бодлыг бүтэн өгүүлбэрээр илэрхийлэх утга төгс үг хэллэг эзэмшиж чадаагүйгээс үүсэх бэрхшээлүүд
-       Сэтгэлийн хөдөлгөөний дотоод мэдрэмж муутайгаас үүсэх бэрхшээлүүд ихэвчлэн тохиолддог.
Сурахад хүндрэлтэй ийм сурагчдыг багш сургалтын явцад байнга анхааралдаа авч ажиглахаас гадна өөрийн ширээний ойр, урд ширээнд чадвар сайтай хүүхдийн дэргэд суулгавал багшийн болон, туслагч хүүхдийн зүгээс туслахад тохиромжтой байдаг. Багш туслагч хүүхэдтэй хамтран хичээлийн ба хичээлийн бус цагаар нэмэлт ажил зохион байгуулбал илүү үр дүнд хүрч болно. Сургалтын агуулгыг хэрэгжүүлэхдээ хүүхдийг аль болох идэвхижүүлэх олонхувилбар аргыг сонгон авч хэрэглэнэ. Ийм хүүхэдтэй ажиллах багш нар ньхүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, уйгагүй хөдөлмөрч хүн байх шаардлагатай. Багшийм сурагчидтай ажиллахдаа дараах зарчмыг баримтлах нь чухал. Үүнд:
1.    Ганцаарчлан ба хувьчлан хандах хандлагыг гол болгоно.
2.    Бататгалын үед сонирхолтой олон хэлбэрийн ажлыг хийх:
-       байнгын үнэлэлт дүгнэлт өгөх
-       идэвхижүүлэх тоглоом ба материалуудыг ашиглах
-       бодит амьдралтай нь холбон дадлага хийлгэх
-       заавал өөрийн хяналтын дор үйл ажиллагааг хийлгэх
3.    Багшийн арга барил эв дүй нь тэдний онцлогийг харгалзан танин мэдэх үйл ажиллагаа, хэл ярианы хөгжпийг нь идэвхижүүлсэн байна.
4.  Шаардалагатай үед нэмэлт цагаар ажиллах. Тэгэхдээ зөвхөн мэдлэг чадвар дадал олгоод зосохгүй бүх талаас нь засан сайжруулах үйл ажиллагааг тогтмол явуулахад анхаарлаа хандуулна.
5.   Багш сурахад хүндрэлтэй хүүхэдтэй ажиллахдаа сурган хүмүүжүүлэх тактикийг хэрэглэх нь чухал. Жишээ нь: Бага ч гэсэн зөв хийж байгаа зүйлийг нь дэмжвэл хүүхдэд өөрөө өөртөө итгэх итгэл бий болно.
6.    Хүүхэдтэй аль болох ойр дотно найрсаг, эвсэг харьцаж ажиллах
     Сурахад хүндрэлтэй хүүхдэд зарим зүйлийг ойлгуулахын тулд нэг бүрчлэн ажиллах шаардлага гардаг. Зарим хүүхдийн ахиц нь мэдэгдэм түргэн байхад, зарим нь ахиц удаан байдаг. Энэ нь сурагчдын оюуны чадавхитай холбоотой юм. Зарим сурахад хүндрэлтэй хүүхэд шинэ зүйлийг эзэмшихдээ бэрхшээлтэй байдаг ч багш, эцэг, эх, найз, нөхдийн тусламж хандлагын үр дүнд амжилтанд хүрч бусдын адил сурах боломжтой болно. Сурах хүндрэлтэй хүүхдийн ахицын үр дүнд нөлөөлөх хүчин зүйлүүд нь багш, эцэг, эх, сурагчид, сургуулийн удирдлага, тэдний хоорондын харьцаа, хамтын ажиллагаа юм. Багш тэднийг сургах тэмүүлэлтэй байхаас гадна эцэг, эх, анги хамт олны тусламж дэмжпэгийг зөв зохион байгуулах хэрэгтэй.
Мөн хүүхэд хүүхэдтэйгээ ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, багш багшдаа үзүүлэх тус, дэмжлэг, багш эцэг, эхэд нөлөөлөх арга зам, сургуулийн удирдлага багш, эцэг эхэд нөлөөлөх тэдний ажлыг үнэлэх үзүүлэлт зэргийг зөв, оновчтой тодорхойлж ажиллах нь дээрхи хүүхдийг сургахад чухал нөлөөтэй. Тухайлбал сургууль багш нарын зүгээс дээрх хүүхдүүдийн эцэг, эхийн дунд "Би хүүхдээ хэрхэн таньж мэдэх вэ?", "Хүүхдэдээ туслая" сэдэвт сургалт семинарыг зохион байгуулах, хөгжөөнт буухиа болон сургалт танин мэдэхүйн уралдаан тэмцээнд хүүхдийнх нь онцлогт тохирсон хөтөлбөрөөр эцэг, эх, багш нартай нь хамт баг болгон оролцуулбал өгөөжтэй байдаг.

Сургуулийн удирдлагын зүгээс тухайн хүүхэдтэй ажиллаж буй багшийн ажлыг үнэлэхдээ хүүхдийн ахицаар буюу заавал программт мэдлэгийн хэмжээнд бус хүүхдийг өөрийг нь өөртэй нь харьцуулсан үнэлэлтээр дүгнэх нь зүйтэй. Энд гол нь тухайн хүүхэд үнэхээр ямар нэг эмгэг согогтойн улмаас сурлагын хоцрогдолд оржээ гэдгийг нь дүүргийн эмнэлэг, сурган хүмүүжүүлэх комиссын шийдвэрээр батлагдсан байвал зохистой. Багш, эцэг, эх эдгээр хүүхдийг сурган хүмүүжүүлэхдээ мэргэжлийн эмч, согог зүйчдийн туслалцааг авах шаардлагатай байдаг тул үүнийг сургуулийн захиргаа зохион байгуулж өгнө. 

No comments:

Post a Comment