menu

Monday, 30 November 2015

Семинар- Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол

Манай улсад хөгжлийн бэрхшээлийнхээ улмаас сургуульд сурч чадахгүй сургуулиас завсардаж байгаа, ялангуяа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн цогц үйлчилгээний тогтолцоог бүрдүүлж арга зүйг боловсруулах асуудал чухлаар тавигдаж байна. Энэ асуудлыг авч үзэхийн тулд бид юуны өмнө хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэдэг ойлголтын дор  юуг авч үзэж байна вэ? Гэдгийг мэргэжлийн талаас тодруулах нь чухал.

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлийн 
талаархи ойлголт
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бүлэг бүтцийнхээ хувьд нэг хэвийн биш, маш олон янз байдаг. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээл /давхар согогтой ч гэж нэрлэдэг/ гэдэгт хоёр болон түүнээс дээш согог бэрхшээл хавсарсан байдлыг хэлнэ. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлийн бүтцэд орж байгаа хөгжлийн энэхүү дутуу байдал бие организмын янз бүрийн хэсгүүдийн согог, гэмтэлтэй холбоотой байдаг. Жишээ нь: хүнд хэлбэрийн хөгжлийн 
бэрхшээл дараах байдлаар хавсарсан байж болно.  Үүнд:
  • Хүнд хэлбэрийн сул хараа ба тархины саажилт
  • Дүлийрэл ба тархины саажилт
  • Янз бүрийн хэлбэртэй хараагүй дүлийрлийн байдал
  • Хараагүй ба хэл ярианы гэмтэл гэх мэт
Эдгээр хавсарсан хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээл харьцангуй эрт бага насанд оношлогддог.
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээл үүсэх шалтгаан
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь оношлохын тулд түүнийг үүсгэж байгаа шалтгааны талаар нарийн сайн ойлголттой байх нь зүйтэй. Хөнгөн  хэлбэрийн хөгжлийн бэрхшээлийг удамшлын, эсвэл гадаад шалтгааны аль нэг үүсгэдэг бол хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлийг үүслийнхээ хувьд ижил эсвэл янз бүрийн гаралтай нэг эсвэл хэд хэдэн шалтгаанууд үүсгэж болох юм. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлийг үүсгэж болох дараах хувилбарын шалтгаанууд байж болно. Жишээ нь:
·         Нэг гэмтэл согог удамшлын гаралтай харин нөгөө нэг согог, олдмол шинжтэй байж болно. / Жишээ нь: хүүхдэд хүнд хэлбэрийн холын хараа муу байдал эхийн талаас удамшин дамжигдсан байхад, харин төрөх үеийн гэмтлээс үүдээд хөдөлгөөний гэмтэл үүссэн байж болох юм./
·         Хоёр ба түүнээс дээш хүнд гэмтэл согог зэрэг хадгалагдан үлдсэн.
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлийн ангилал
Орчин үеийн шинжлэх ухааны хөгжил, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлийг дараах байдлаар ангилан авч үзэх боломжийг олгож байна. Үүнд:
  1. Гэмтэл согогийн хавсарсан байдлаар хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлийн 20 гаруй төрлийг ялган үзэж болно.
Энэ нь сонорын, хөдөлгөөний, хэл ярианы, сэтгэлийн хөдөлгөөний өөрчлөлт, согог бие биетэйгээ хавсарсан, эсвэл эдгээр согог янз бүрийн түвшний оюуны хомсдолтой хавсарсан, хөдөлгөөний бэрхшээл оюуны хомсдолтой хавсарсан байдалтай байх зэрэг болно.
  1. Хүнд хэлбэрийн хараа сонсголын согог хавсарсан байдалтай
·         Хараагүй байдал сул сонсголтой хавсарсан
·         Сул хараа, дүлийрэлтэй хавсарсан
·         Сул хараа, сул сонсголтой хавсарсан.
Харааны согог, хөдөлгөөний бэрхшээлтэй хавсарсан байдлыг дараах хэсэгт хувааж болно.
·         Өөрөө бие даан хөдөлж явж чадахгүй хараагүй хүн
·         Өөрөө бие даан хөдөлж явж чадахгүй сул хараатай хүн
·         Хөдөлгөөний бэрхшээлтэй үүнд тархины саажилтын үлдэцтэй хараагүй хүн
·         Тархины саажилтын үлдэцтэй сул хараатай
Сонсголын согог, хөдөлгөөний бэрхшээлтэй хавсарсан байдлыг дараах хэсэгт хувааж болно.
·         Хүнд хэлбэрийн тархины саа ба дүлий
·         Хүнд хэлбэрийн тархины саа ба сул сонсголтой
·         Хөнгөн хэлбэрийн тархины саа ба дүлий
·         Хөнгөн хэлбэрийн тархины саа ба сул сонсгол
Иймэрхүү маягаар маш олон хавсарсан согог байх бөгөөд ингэж ангилал хийх нь тухайн хүүхдийн сурах сургалтын байгууллагын хэлбэрийг бодитоор сонгоход тусалж өгдөг.
  1. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн согог бэрхшээлийг үүссэн цаг хугацаанаас хамааруулж ангилна. Өөрөөр хэлбэл нэг согог төрөлхийн харин нөгөө согог янз бүрийн өвчин,  гэмтэл согогийн дараа үүссэн байж болох талтай. Жишээ нь: төрөлхийн хараа, сонсголгүй хүүхэд, мэнингоэнцефалит өвчнөөр өвчилсний дараа өөр хүндрэл согог бэрхшээл үүссэн байж болох гэх мэт. Ангилал хийх энэхүү хандлага сургуулийн өмнөх насны хүүхдийн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлийн янз бүрийн хэлбэрийн явцыг ойлгоход тусална. Согог бэрхшээл үүссэн цаг хугацааг харгалзан үзэх нь цаашдын засан сайжруулах ажлыг төлөвлөхөд чухал байдаг.
  1. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээл үүссэн цаг хугацаанаас хамааруулж дараах бүлэгт хувааж болно.
·      Төрөлхийн болон эрт үед үүссэн
·      Балчир болон сургуулийн өмнөх насанд үүссэн олдмол хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээл
·       Орь залуу насанд үүссэн олдмол хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээл
·       Өтөл насанд үүссэн олдмол хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээл
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах, үнэлгээ өгөх
  • Хүүхдээ бие сэтгэл зүйн талаас нь цогц байдлаар судалж үнэлгээ өгөх
  • Хүүхэд бүрийн онцлогт тохируулан ганцаарчлан ажиллах сургалтын хөтөлбөр боловсруулах
  • Боловсруулсан хөтөлбөр буюу төлөвлөсөн ажлаа хийх
  • Хөтөлбөр хэрхэн хэрэгжсэн талаар үр дүнг тооцож гаргах
Юуны өмнө хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг судалж үнэлгээ өгөх нэгдсэн хөтөлбөр дараах хэсгүүдийг агуулсан байх нь зүйтэй. Үүнд:
·         Хүүхэд дээр зайлшгүй эмнэлгийн эрүүл мэндийн үзлэг хийгдсэн байх
·         Сурган сэтгэл зүйн судалгаа хийгдсэн байх
·         Шаардлагатай нөхцөлд гэр бүлийн гишүүдийг генетикийн судалгаанд хамруулах
Харамсалтай нь манай улсад ийм төрлийн үйлчилгээ байдаггүй бөгөөд эцэг эхчүүд, гэр бүлийн гишүүд хүүхдийнхээ хөгжлийн боломжийг харж чадахгүй, түүнд итгэж чаäахгүйгээр маш их хугацаа хүч хөдөлмөрөө алддаг.  
Асуулт даалгавар
  • Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээл гэдэг ойлголтыг тайлбарлан ярина уу?
  • Хүнд хэлбэрийн бэрхшээл үүсэх шалтгаанаас тоочно уу?
  • Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй уулзаж, ажиллах ажлыг зохион байгуулна уу?
  • Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх нийгмийн тусласж үйлчилгээний талаарх гадаад орны туршлагын талаар ярина уу?
  • Манай улсад хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүсүүст үзүүлэх тусламж үйлчилгээг хөгжүүлэх боломжийн талаар ярина уу?
  • Манай улсад хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудын талаар мэдээлэл бэлдэж ирнэ үү?

No comments:

Post a Comment